ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2017 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2017 он 08 сар 17. 09 цаг 49 минут

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 926.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 52.0 (6.0%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 5.9 (7.9%) мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 23.3 (4.8%) мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 23.9 (14.9%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

    Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2017 оны 2 дугаар улиралд 896.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.4 (2.6%) мянган төгрөгөөр өслөө.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 2 дугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.1 (5.6%) мянган төгрөгөөр өслөө.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 45.3 (6.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2017 оны 2 дугаар улиралд 970.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.1 (2.2%) мянган төгрөгөөр өслөө.
Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2017 оны 2 дугаар улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 105.5 (12.0%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 66.8 (7.6%) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 147.6 (16.8%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 159.9 (18.2%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 288.2 (32.8%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 276.8 (31.5%) мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 50.1 (5.7%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 67.7 (7.7%) мянга байна.

Хүн амын амьжиргааны байдал

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад улсын дунджаар 55.3 хувь, Төвийн бүсэд 64.6 хувь, Улаанбаатар хотод 62.5 хувь, Хангайн бүсэд 49.2 хувь, Баруун бүсэд 43.3 хувь, Зүүн бүсэд 31.5 хувиар өндөр гарлаа.

Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент 2017 оны 2 дугаар улиралд Улаанбаатар хот болон Хангай, Зүүн бүсэд 0.351-0.372 болж, улсын дунджаас 0.001-0.022 нэгжээр  их, Төвийн бүсэд 0.336, Баруун бүсэд 0.324 болж, улсын дунджаас 0.014-0.026 нэгжээр бага байна.
Улсын дунджаар Жини коэффициент өмнөх оны мөн үеэс 0.03 нэгжээр, өмнөх улирлаас 0.011 нэгжээр нэмэгдлээ.

Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2017 оны 2 дугаар улиралд 0.216 болж, өмнөх оны мөн үеэс 0.04 нэгжээр, өмнөх улирлаас 0.014 нэгжээр нэмэгдлээ.

Улсын хэмжээнд 2017 оны 2 дугаар улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээнд 7.3 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 42.1 хувийг эзлэв. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.8 дахин их байгааг харууллаа.

Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого аймгийн төвд 936.0 мянган төгрөг,  сумын төвд 749.6 мянган төгрөг, хөдөөд 655.7 мянган төгрөг боллоо.

Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага аймгийн төвд 1.06 сая төгрөг, сумын төвд 883.7 мянган төгрөг, хөдөөд 735.7 мянган төгрөг боллоо.

Төвийн бүсийн нийт өрхийн дундаж орлого 971.8 мянган төгрөг, үүнээс цалин хөлстэй ажил эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.05 сая төгрөг,  хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.44 сая төгрөг боллоо.  

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:
Нэг өрхөд ногдох сарын дундаж орлого, зарлага: Улирлын турш уг судалгаанд хамрагдсан өрхийн сарын дунджаар тооцно.
Өрхийн мөнгөн зарлага: Хүнсний бүтээгдэхүүний; хүнсний бус бараа, үйлчилгээний; бусдад өгсөн бэлэг, тусламж болон бусад зарлага багтана.
Өрхийн мөнгөн орлого: Цалин хөлс; тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор; хувийн аж ахуйн орлого болон бусад орлогоос бүрдэнэ.
Өрхийн нийт зарлага: Өрхийн мөнгөн зарлага дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлсийг тухайн орон нутгийн зах зээлийн дундаж үнээр үнэлсэн мөнгөн дүнг нэмж тодорхойлно.

Өрхийн нийт орлого: Өрхийн мөнгөн орлого дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлсийг тухайн орон нутгийн зах зээлийн дундаж үнээр үнэлсэн мөнгөн дүнг нэмж тодорхойлно.
Хувийн аж ахуйн орлого: Мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэлийн орлого; хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогыг оруулна.


Сэтгэгдэл бичих

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах