ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2017 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 12 цаг 37 минут

Ажиллах хүчний судалгааны 2017 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.4 сая болж, 723.5 (52.9%) мянга нь эрэгтэй, 643.7 (47.1%) мянга нь эмэгтэйчүүд юм. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 801.6 (58.6%) мянга нь хот, суурин газарт, 565.6 (41.4%) мянга нь хөдөө орон нутагт амьдарч байна.  Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2017 оны 4 дүгээр улиралд улсын хэмжээнд 62.4 хувь, хотод 55.6 хувь, хөдөөд 75.5 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 2017 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 1.3 пунктээр, өмнөх оны мөн үеэс 2.0 пунктээр өслөө. Өмнөх оны мөн үеэс ажиллагчид 134.1 (11.8%) мянгаар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 8.6 (1.1%) мянгаар өсөж, ажилгүй иргэд 6.7 (6.3%) мянгаар буурлаа.
15, түүнээс дээш насны нийт хүн амын 822.7 (37.6%) мянга нь эдийн засгийн идэвхгүй хүн ам, тэдгээрийн 41.0 хувь нь эрэгтэйчүүд, 59.0 хувь нь эмэгтэйчүүд.  Эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 264.9 (32.2%) мянга нь тэтгэврийнхэн болон өндөр настан, 240.9 (29.3%) мянга нь суралцагчид, 105.4 (12.8%) мянга нь хүүхэд асарсан, 62.8 (7.6%) мянга нь   гэрийн ажилтай, 60.4 (7.3%) мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, 15.6 (1.9%) мянга нь өвчтэй, 9.3 (1.1%) мянга нь өвчтөн, өндөр настан асарсан, 7.8 (1.0%) мянга нь ажил хийхийг хүсээгүй, 4.5 (0.6%) мянга нь сурахаар явах гэж байгаа гэсэн бол 51.1 (6.2%) мянга нь бусад шалтгааны улмаас эдийн засгийн идэвхгүй иргэд юм.

Судалгааны дүнгээр 2017 оны 4 дүгээр улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 100.3 мянга болж, 56.2 (56.0%) мянга нь эрэгтэйчүүд, 44.1 (44.0%) мянга нь эмэгтэйчүүд. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 4 дүгээр улиралд 7.3 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.3 пунктээр, харин өмнөх улирлаас 1.7 пунктээр тус тус буурлаа.

Ажиллах хүчний судалгааны 2017 оны 4 дүгээр улирлын дүнгээр аймгийн хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 47,9 мянга, 15, түүнээс дээш насны ажиллагчид 47.4 мянга боллоо.

Аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс ажиллах хүч 0.1 (0.2%) мянгаар; ажиллагчид 0.6 (1.3%) мянгаар тус бүр өсч; 15, түүнээс дээш насны ажилгүй иргэд 0.5 (50.0%) мянгаар буурлаа.

Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2017 оны 4 дүгээр улиралд аймгийн хэмжээнд 83.4 хувь (улсын дундаж 62.4%)  болж  өмнөх улирлаас 10.2 пунктээр, өмнөх оны мөн үеэс 3.4 пунктээр тус бүр нэмэгдлээ.

Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 4 дүгээр улиралд 1.0 хувь (улсын дундаж 7.3%) болж, өмнөх оны мөн үеэс 1.0 пунктээр, өмнөх улирлаас 4.4 пунктээр тус бүр буурлаа.

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:
Эдийн засгийн идэвхтэй хүн ам (ажиллах хүч): Тухайн цаг хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд ажиллах хүчээ нийлүүлж байгаа ажиллагч, нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй иргэдийг хамруулна. Эдийн засгийн идэвхтэй хүн амыг эдийн засгийн байнгын идэвхтэй хүн ам, эдийн засгийн тухайн үеийн идэвхтэй хүн ам гэж ангилна. Статистикийн танилцуулгад мэдээллийг эдийн засгийн тухайн үеийн идэвхтэй хүн амаар гаргасан.
Ажиллагчид: Цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд сүүлийн 7 хоногт нэгээс дээш цагаар оролцсон иргэдийг ойлгоно.
Ажилгүйчүүд: Тухайн хугацаанд ажилгүй байсан, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийг ойлгоно.
Эдийн засгийн идэвхгүй хүн ам: Эдийн засгийн идэвхтэй хүн амд хамаарагдахгүй хөдөлмөрийн насны нийт хүн ам, хөдөлмөрийн насанд хүрээгүй болон хөдөлмөрийн наснаас дээш насны хүн амыг хамруулна.
Ажиллах хүчний оролцооны түвшин: Хөдөлмөрийн насны хүн амд эдийн засгийн идэвхтэй хүн амын эзлэх хувийн жингээр тодорхойлогдоно.
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин: Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагчдын эзлэх хувийн жингээр тодорхойлогдоно.
Ажилгүйдлийн түвшин: Эдийн засгийн идэвхтэй хүн амд ажилгүйчүүдийн эзлэх хувийн жингээр тодорхойлно.


Сэтгэгдэл бичих