Ажиллагчдын дундаж цалин 2017 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2018 он 03 сар 13. 11 цаг 52 минут

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны 4 дүгээр улиралд нийт 38.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 613.9 мянган ажиллагчид
хамрагдлаа. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх улирлаас 0.5 (1.2%) мянгаар, ажиллагчид/ даатгуулагчид 7.7 (1.3%) мянгаар тус тус нэмэгджээ.
Эдгээр ажиллагчдын 46.7 (7.6%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай, 34.3 (5.6%) мянга нь 240 001 - 300 000 төгрөгийн цалинтай, 85.7 (14.0%) мянга нь 300 001-500 000 төгрөгийн цалинтай, 216.4 (35.2%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай, 121.9 (19.8%) мянга нь 900 001-1300 000 төгрөгийн цалинтай, 28.2 (4.6%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай, 80.6 (13.2%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай юм.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 700 001-900 000 төгрөгийн цалинтай
ажиллагчид 6.1 мянгаар, 900 001-1100 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.4 мянгаар, 1100 001-1300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 8.2 мянгаар, 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2.8 мянгаар, 1500 001 төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 9.8 мянгаар нэмэгдлээ. Харин 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 1.7 мянгаар, 240 001-300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.6 мянгаар, 300 001-500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 22.0 мянгаар, 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 8.3 мянгаар буурлаа.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг гарлаа.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 642.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 822.2 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 934.7 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг боллоо. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 4 дүгээр улирлын тайланд хамрагдсан 613.9 мянган ажиллагчдын медиан цалин нь 753.7 мянган төгрөг боллоо.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2017 оны 4 дүгээр улиралд 2010 оны 4 дүгээр улирлаас 2.7 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 62.9 хувиар нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.2 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 545.7 мянган төгрөг буюу хамгийн бага юм.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 (10.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 (8.7%) мянган төгрөгөөр өслөө.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 96.0 (10.2%) мянган төгрөгөөр өсөхөд барилгын салбарт ажиллагчдын цалин 163.1 (19.9%) мянган төгрөг, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 235.2 (18.7%) мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх 247.1 (17.9%) мянган төгрөг, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 123.8 (15.0%) мянган төгрөг, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 240.1 (13.9%) мянган төгрөг, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 154.4 (13.9%) мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 89.4 (11.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөллөө.

Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар 739,3 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 299.6 мянган төгрөг буюу 28.8 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 733.7 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 10.6 мянган төгрөгөөр их буюу 744.3 мянган төгрөг боллоо.

Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 504.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 718.8 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 818.6 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 869.9 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 835,4 мянган төгрөг боллоо.

 


Сэтгэгдэл бичих