ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2018 оны 1 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2018 он 05 сар 17. 09 цаг 47 минут

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 1 дүгээр улирлын судалгаагаар нэг  өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.6 (15.4%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 52.3 (10.4%)
мянган төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 26.6 (38.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.  Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2018 оны 1 дүгээр улиралд 967.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 73.8 (8.3%) мянган төгрөгөөр өслөө.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны 1 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 118.8 (12.6%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 96.4 (13.8%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2018 оны 1 дүгээр улиралд 993.2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.2 (5.7%) мянган төгрөгөөр өслөө.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2018 оны 1 дүгээр улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 119.5 (13.4%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 66.9 (7.5%) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 127.5 (14.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 129.3 (14.5%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 258.6 (29.0%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 269.4 (30.2%) мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 70.5 (7.9%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 72.2 (8.1%) мянга байна.

Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 1 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого аймгийн төвд 1.03 сая төгрөг,  сумын төвд 812.6 мянган төгрөг, хөдөөд 716.1 мянган төгрөг боллоо.

Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 1 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага аймгийн төвд 1.09 сая төгрөг, сумын төвд 974.3 мянган төгрөг, хөдөөд 777.4 мянган төгрөг боллоо.

Төвийн бүсийн нийт өрхийн дундаж орлого 1.06 сая төгрөг, үүнээс цалин хөлстэй ажил эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.26 сая төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.37 сая төгрөг боллоо. 

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ БАЙДАЛ

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 62.7 хувь, Улаанбаатар хотод 74.3 хувь, Төвийн бүсэд 73.0 хувь, Зүүн бүсэд 64.9 хувь, Хангайн бүсэд 51.2 хувь, Баруун бүсэд 25.5 хувиар тус тус өндөр гарлаа.

Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент 2018 оны 1 дүгээр улиралд Зүүн бүсэд 0.368, Төвийн бүсэд 0.341 болж, улсын дунджаас 0.003-0.03 нэгжээр их, Баруун, Хангайн бүс болон Улаанбаатар хотод 0.318-0.337 болж, улсын дунджаас 0.001-0.02 нэгжээр бага байна.
Улсын дунджаар Жини коэффициент өмнөх оны мөн үеэс 0.001 нэгжээр, өмнөх улирлаас 0.013 нэгжээр буурлаа.

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:

Нэг өрхөд ногдох сарын дундаж орлого, зарлага: Улирлын турш уг судалгаанд хамрагдсан өрхийн сарын дунджаар тооцно.
Өрхийн мөнгөн зарлага: Хүнсний бүтээгдэхүүний; хүнсний бус бараа, үйлчилгээний; бусдад өгсөн бэлэг, тусламж болон бусад зарлага багтана.
Өрхийн мөнгөн орлого: Цалин хөлс; тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор; хувийн аж ахуйн орлого болон бусад орлогоос бүрдэнэ.
Өрхийн нийт зарлага: Өрхийн мөнгөн зарлага дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлсийг тухайн орон нутгийн зах зээлийн дундаж үнээр үнэлсэн мөнгөн дүнг нэмж тодорхойлно.

Өрхийн нийт орлого: Өрхийн мөнгөн орлого дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлсийг тухайн орон нутгийн зах зээлийн дундаж үнээр үнэлсэн мөнгөн дүнг нэмж тодорхойлно.
Хувийн аж ахуйн орлого: Мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэлийн орлого; хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогыг оруулна.


Сэтгэгдэл бичих