ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2018 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2018 он 08 сар 15. 03 цаг 35 минут

Ажиллах хүчний судалгааны 2018 оны 2 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.4 сая болж, 743.0 (53.9%) мянга нь эрэгтэй, 635.8 (46.1%) мянга нь эмэгтэйчүүд юм.  Эдийн засгийн идэвхтэй хүн амын 848.4 (61.5%) мянга нь хот, суурин газарт, 530.4 (38.5%) мянга нь хөдөө орон нутагт амьдардаг.  Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2018 оны 2 дугаар улиралд улсын хэмжээнд 61.0 хувь,  хотод 55.1 хувь, хөдөөд 73.6 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 2018 оны 2 дугаар
улиралд өмнөх улирлаас 0.4 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр буурлаа.
Өмнөх оны мөн үеэс ажиллагчид 37.0 (3.0%) мянгаар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 25.9 (3.0%) мянгаар өсөж, ажилгүй иргэд 27.7 (21.0%) мянгаар буурлаа.

15, түүнээс дээш насны хүн амын 880.7 (39.0%) мянга нь эдийн засгийн идэвхгүй хүн ам, үүнээс 37.0 хувь нь эрэгтэйчүүд, 63.0 хувь нь эмэгтэйчүүд юм. Эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 274.6 (31.2%) мянга нь тэтгэврийнхэн болон өндөр настан, 268.1 (30.4%) мянга нь суралцагчид, 117.0 (13.3%) мянга нь хүүхэд асарсан, 69.5 (7.9%) мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, 66.0 (7.5%) мянга нь гэрийн ажилтай, 21.4 (2.4%) мянга нь өвчтэй байсан бол 64.1 (7.3%) мянга нь бусад шалтгааны улмаас эдийн засгийн идэвхгүй байлаа.

Судалгааны дүнгээр 2018 оны 2 дугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 104.1 мянга болж, 59.8 (57.5%) мянга нь эрэгтэйчүүд, 44.3 (42.5%) мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2018 оны 2 дугаар улиралд 7.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.1 пунктээр, өмнөх улирлаас 2.2 пунктээр буурлаа.

Ажиллах хүчний судалгааны 2018 оны 2 дугаар улирлын дүнгээр аймгийн хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 55,8 мянга, 15, түүнээс дээш насны ажиллагчид 53,6 мянга боллоо.  

Аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс ажиллах хүч 1.6 (3.0%) мянгаар; ажиллагчид 2.2 (4.3%) мянгаар тус бүр өсч; 15, түүнээс дээш насны ажилгүй иргэд 0.6 (21.4 %) мянгаар буурлаа.

Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2018 оны 2 дугаар улиралд аймгийн хэмжээнд 78.7 хувь (улсын дундаж 61.0%)  болж  өмнөх улирлаас 0.6 пунктээр, өмнөх оны мөн үеэс  2.2 пунктээр тус бүр буурлаа.

Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2018 оны 2 дугаар улиралд 3.9 хувь (улсын дундаж 7.5%) болж, өмнөх улирлаас 1.2 пунктээр өсч, өмнөх оны мөн үеэс  1.3 пунктээр буурлаа.

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:
Эдийн засгийн идэвхтэй хүн ам (ажиллах хүч): Тухайн цаг хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд ажиллах хүчээ нийлүүлж байгаа ажиллагч, нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй иргэдийг хамруулна. Эдийн засгийн идэвхтэй хүн амыг эдийн засгийн байнгын идэвхтэй хүн ам, эдийн засгийн тухайн үеийн идэвхтэй хүн ам гэж ангилна. Статистикийн танилцуулгад мэдээллийг эдийн засгийн тухайн үеийн идэвхтэй хүн амаар гаргасан.
Ажиллагчид: Цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд сүүлийн 7 хоногт нэгээс дээш цагаар оролцсон иргэдийг ойлгоно.
Ажилгүйчүүд: Тухайн хугацаанд ажилгүй байсан, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийг ойлгоно.
Эдийн засгийн идэвхгүй хүн ам: Эдийн засгийн идэвхтэй хүн амд хамаарагдахгүй хөдөлмөрийн насны нийт хүн ам, хөдөлмөрийн насанд хүрээгүй болон хөдөлмөрийн наснаас дээш насны хүн амыг хамруулна.
Ажиллах хүчний оролцооны түвшин: Хөдөлмөрийн насны хүн амд эдийн засгийн идэвхтэй хүн амын эзлэх хувийн жингээр тодорхойлогдоно.
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин: Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагчдын эзлэх хувийн жингээр тодорхойлогдоно.
Ажилгүйдлийн түвшин: Эдийн засгийн идэвхтэй хүн амд ажилгүйчүүдийн эзлэх хувийн жингээр тодорхойлно.


Сэтгэгдэл бичих