Ажиллагчдын дундаж цалин 2018 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2018 он 09 сар 13. 01 цаг 33 минут

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны 2 дугаар улиралд нийт 39.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 636.5 мянган ажиллагчид хамрагдлаа. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (4.0%) мянгаар, өмнөх улирлаас 0.9 (2.4%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41.5 (7.0%) мянгаар, өмнөх улирлаас 34.4 (5.7%) мянгаар тус тус нэмэгджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 46.9 (7.4%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай, 135.8 (21.4%) мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай, 225.6 (35.4%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай, 114.7 (18.0%) мянга нь 900.001-1.300.000 төгрөгийн цалинтай, 28.8 (4.5%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай, 84.7 (13.3%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 3.5 мянгаар, 240 001-500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.3 мянгаар, 700 001-1300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 18.6 мянгаар, 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.6 мянгаар, 1500 001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 3.3 мянгаар тус тус нэмэгдлээ. Харин 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2.0 мянгаар буурчээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл Хангайн бүсэд 890.9 мянган төгрөг, Төвийн бүсэд 856.4 мянган төгрөг, Зүүн бүсэд 740.3 мянган төгрөг, Баруун бүсэд 648.9 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 134.7-376.7 мянган төгрөгөөр бага юм. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 121.7 мянган төгрөгөөр их гарлаа.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 612.6 мянган төгрөг гарлаа.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 634.4 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 804.6 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 897.0 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг  боллоо. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны 2 дугаар улирлын тайланд хамрагдсан 636.5 мянган ажиллагчдын медиан цалин нь 725.1 мянган төгрөг боллоо.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2018 оны 2 дугаар улиралд 2010 оны 4 дүгээр улирлаас 2.7 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 52.0 хувиар нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2018 оны 2 дугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.3 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 547.7 мянган төгрөг буюу хамгийн бага юм.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2018 оны 2 дугаар улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 59.0 (6.1%) мянган төгрөгөөр, 2018 оны 1 дүгээр улирлаас 27.0 (2.7%) мянган төгрөгөөр тус бүр нэмэгдлээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 59.0 (6.1%) мянган төгрөгөөр өсөхөд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт ажиллагчдын цалин 58.1 (8.3%) мянган төгрөг, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 112.0 (8.7%) мянган төгрөг, уул уурхай, олборлолтын салбарынх 246.5 (11.1%) мянган төгрөг, мэдээлэл, холбооны салбарынх 106.1 (11.5%) мянган төгрөг, барилгын салбарынх 122.9 (14.6%) мянган төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 178.9 (20.7%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 134.7-174.8 мянган төгрөгөөр их байна. Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 746.5 мянган төгрөг, төрийн бус байгууллагад  ажиллагчдынх 832.2 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 780.9 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 478.8 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 193.4-546.8 мянган төгрөгөөр бага байна.

Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2018 оны 2 дугаар улирлын байдлаар 699,3 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 326.3 мянган төгрөг буюу 31.8 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 701.9 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 3.8 мянган төгрөгөөр бага буюу 697.1 мянган төгрөг боллоо.

Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 497.2 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 678.0 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 797.9 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 852.8 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 687,5 мянган төгрөг боллоо.

 


Сэтгэгдэл бичих