Иргэн та Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаандаа идэвхтэй оролцоорой

Нийтэлсэн: 2018 он 11 сар 04. 04 цаг 11 минут

Аймагт 11 дүгээр сарын 3-наас Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалт эхэллээ. Иргэн та идэвхтэй оролцоорой. Энэхүү түүвэр судалгаанд Төв аймгийн 10 сумын 11 багийн тус бүр 25 нийт 275 өрх хамрагдах болно.

Үндэсний Статистикийн Хороо Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу Нийгмийн Үзүүлэлтийн Түүвэр Судалгааг 1996 оноос эхлэн 5 жил тутамд зохион байгуулж байгаа. Энэхүү 6 дахь удаагийн судалгааг олон улсын жишиг арга зүй, аргачлалын дагуу НҮБ-ын Хүүхдийн Сан болон Хүн Амын Сангийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

ҮСХ улсын хэмжээнд 14500 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Дээрх зураг дээр харагдаж байгаа хувцас, хэрэглэл, үнэмлэхтэй судлаач танай гэрийн хаалгыг тогшвол цааргалахгүй судалгаагаа өгөөрэй. Учир нь та Монгол Улсын нийт өрх, хүн амын нөхцөл, байдлыг дүгнэх төлөөлөл болж байгаа юм. Энэхүү судалгаагаар Тогтвортой хөгжлийн зорилт болон хүн амын эрүүл мэнд, нөхөн үржихүй, эх, нялхсын талаар төр засгаас дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, цаашдын хөгжлийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээллийг бий болгоно.

Судалгааны мэдээллийг үнэн зөв өгсөнөөр 2018 онд манай улсын хүүхэд, эрэгтэй, эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа дүр зургийг бүтээлцэх юм.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хүүхдийн өндөр, жинг хэмжих, давсны иодын агууламж шалгах, өрхийн ундны усны чанар шалгах (е коли) шинжилгээг хийдэг.

Мөн НҮТС нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, өсөлт, хөгжил, хамгаалал, өрхүүдийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалж, улмаар бодлого хөтөлбөр боловсруулагч, шийдвэр гаргагч нарт төдийгүй судлаач, эрдэмтэд болон сонирхсон хүн бүхэнд шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг бий болгох юм. Тиймээс түүвэр судалгаагаар сонгогдсон иргэн та манай судалгаанд идэвхтэй оролцоорой. 


Сэтгэгдэл бичих