ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2018 оны 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2018 он 11 сар 23. 10 цаг 51 минут

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 145.4 (15.6%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 63.7 (12.1%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.3 (37.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2018 оны 3 дугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.5 (9.4%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны 3 дугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 103.9 (10.2%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 94.9 (12.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2018 оны 3 дугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43.3 (4.2%) мянган төгрөгөөр өслөө.

Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого аймгийн төвд 1.02 сая төгрөг,  сумын төвд 876.8 мянган төгрөг, хөдөөд 783.2 мянган төгрөг боллоо.

Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага аймгийн төвд 1.09 сая төгрөг, сумын төвд 1.0 сая төгрөг, хөдөөд 840.5 мянган төгрөг боллоо.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2018 оны 3 дугаар улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 76.1 (8.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 54.6 (6.1%) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 128.0 (14.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 128.0 (14.3%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 260.4 (29.1%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 260.5 (29.1%) мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 83.3 (9.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 98.5 (11.0%) мянга байна.

2018 оны 3 дугаар улиралд Төвийн бүсийн нийт өрхийн дундаж орлого 1.1 сая төгрөг, үүнээс цалин хөлстэй ажил эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.2 сая төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.37 сая төгрөг боллоо. 

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ БАЙДАЛ

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 68.3 хувь, Төвийн бүсэд 83.7 хувь, Улаанбаатар хотод 76.4 хувь, Зүүн бүсэд 71.5 хувь, Хангайн бүсэд 51.1 хувь, Баруун бүсэд 43.9 хувиар тус тус их гарлаа.

Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент 2018 оны 3 дугаар улиралд Зүүн бүсэд 0.381, Улаанбаатар хотод 0.343 болж, улсын дунджаас 0.01-0.048 нэгжээр их, Баруун, Хангай, Төвийн бүсэд 0.282-0.319 болж, улсын дунджаас 0.014-0.051 нэгжээр бага гарлаа.
Улсын дунджаар Жини коэффициент өмнөх оны мөн үеэс 0.007 нэгжээр буурч, харин өмнөх улирлаас
0.005 нэгжээр нэмэгдлээ.

Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2018 оны 3 дугаар улиралд 0.186 болж, өмнөх оны мөн үеэс 0.023 нэгжээр буурч, харин өмнөх улирлаас 0.005 нэгжээр нэмэгдлээ. 

Улсын хэмжээнд 2018 оны 3 дугаар улиралд хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ 7.6 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.6 хувийг эзэлжээ.
Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.3 дахин их байгааг харууллаа.

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:
Өрх: Ганц бие болон нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг хэлнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн холбоотой, хамаатан садан, зарим гишүүд нь огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно.
Жини коэффициент: Энэ хэмжигдэхүүн нь хүн амын хэрэглээний тэнцүү бус хуваарилалтыг илэрхийлсэн коэффициент юм. Жини коэффициент нь (0-1)-ийн хооронд утга авах бөгөөд нэг гэсэн утганд ойртох тусам хэрэглээний тэгш бус байдал өндөр, харин 0-тэй тэнцүү бол орлогын хуваарилалтанд ялгаа байхгүй байгааг илэрхийлнэ.
Тейлийн индекс: Энэ нь орлогын ялгаатай бүлгүүдийн хувьд тэгш бус байдлыг илэрхийлэх тухайн бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулна.
Өрхийн мөнгөн орлого: Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого болон бусад орлогоос бүрдэнэ.
Өрхийн мөнгөн зарлага: Өрхийн хүнсний бүтээгдэхүүн, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусдад өгсөн бэлэг, тусламж, бусад зарлага багтана.
Нэг өрхийн сарын дундаж орлого, зарлага: Өрхийн нийт орлого (зарлага)-ыг өрхийн мөнгөн орлого (зарлага) дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнг нэмж тодорхойлно. Нэг өрхөд ногдох дундаж үзүүлэлтийг улирлын турш судалгаанд
хамрагдсан өрхүүдийн сарын дунджаар нийт өрхөд тархаан тооцож байна.


Сэтгэгдэл бичих