“Жендерт суурилсан хүчирхийлэл” судалгааны үр дүнг танилцуулах семинарыг зохион байгуулав.

Нийтэлсэн: 2019 он 02 сар 25. 09 цаг 46 минут

     Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний дотроос жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ), гэр бүлийн хүчирхийлэл (ГБХ) нь хүний эрүүл мэнд, эрхийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тэгш бус болгож, тэгш бус байдлыг хадгалахад нөлөөлж байна. Эмэгтэйчүүд, тэдний гэр бүл, хамт олны эрүүл мэнд, аж байдалд сөргөөр нөлөөлөх уг асуудлыг сөхөн гаргаж, асуудлын учир шалтгааныг судалж, холбогдох шийдвэр гаргах нь чухал байгаа билээ.

Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинжийн талаар мэдээлэл хомс байгаа нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодлогын чиглэлийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, нотолгоог гаргаж авах бодит хэрэгцээ шаардлага байгааг харуулж байсан.

Энэхүү бодит шаардлагад үндэслэн Үндэсний статистикийн хорооноос “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г 2017 онд орон даяар зохион байгуулж, үр дүнгийн тайланг нэгтгэн гаргаж, олон нийтэд тархаагаад байна. НҮБ-ын Хүн амын сан нь ҮСХ-той хамтран Щвейцарийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр уг судалгааг хэрэгжүүлсэн.

Уг  судалгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалын дагуу жендэрт суурилсан хүчирхийллийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан анхны томоохон хэмжээний бие даасан судалгаа болсон юм. Энэхүү судалгаа нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц аргачлал, арга зүйн дагуу хийгдэж, Олон улсад харьцуулагдахуйц мэдээллийг бий болгосноороо онцлог юм.

            ҮСХ-оос уг судалгааны үр дүнг танилцуулах семинарыг 2018 оноос эхлэн 21 аймагт хийхээр төлөвлөсний дагуу Төв аймагт 2-р сарын 22-нд аймгийн Статистикийн хэлтэстэй хамтран амжилттай зохион байгууллаа.

 Семинарын зорилго нь:  “Жендэрт суурилсан хүчирхийлэл” үндэсний судалгааны үндсэн үр дүнг аймгийн бодлого төлөвлөгч, боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулах, цаашдын хамтын ажиллагаа, бодлогын зөвлөмж боловсруулах юм.

Семинарт аймгийн удирдлагууд, АЗДТГ-ын хэлтсийн жендер хариуцсан мэргэжилтнүүд, аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, сургуулийн нийгмийн ажилтнууд, МУ-ын ХЭҮК-ийн аймаг дах бие төлөөлөгч, Шүүх, Прокурор, Цагдаа-ийн төлөөлөл, Зуунмод сумын 6 багийн Зохион байгуулагч, хэсгийн ахлагч, аймгийн Эмэйчүүдийн зөвлөл, Эрэгтэйчүүдийн холбоо, Жаргалант хөгжлийн дэм ТББ, Ажил олгогч эздийн холбоо гэх мэт ТББ-уудын төлөөлөл 70 шахам хүн оролцов. Семинарын аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат нээж,  ҮСХ-ы статистикч Н.Должинсүрэн, С.Болормаа, Т.Оюунсүрэн нар судалгааны үр дүнг танилцуулав.

     Үүний дараа семинарын оролцогч нарыг 3 бүлэгт хуваан хэлэлцүүлэг зохион байгуулж бүлэг бүрээс гарсан зөвлөмж саналыг нэгтгэв. Цаашдаа уг семинараас гарсан зөвлөмжийг албажуулан ИТХ-аар хэлэлцүүлэхийг Ц.Энхбат дарга санаачлав.

 


Сэтгэгдэл бичих