Ядуурлын дүр төрх-2018. МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ЯДУУРЛЫН ТҮВШИН 2018 ОНД 28.4 ХУВЬ БОЛЛОО

Нийтэлсэн: 2019 он 07 сар 10. 05 цаг 49 минут

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран ядуурлын 2018 оны тооцооны үр дүнг хүргэв. Хоёр байгууллага 2002 оноос хойш өрхийн  орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ удаа Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг хамтран тооцлоо.

ҮСХ болон Дэлхийн банкны хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнг авч үзвэл, Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ.

Хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлт 2018 онд 7.2 хувь болж, 2016 оноос 0.5 пунктээр, ядуучуудын тэгш бус байдлын зэргийг хэмждэг ядуурлын мэдрэмж 2.7 хувь болж, 2016 оноос 0.2 пунктээр тус бүр буурлаа.

Хот суурин газарт ядуу хүн амын төвлөрөл нэмэгджээ. Хөдөө орон нутагт 2016-аас 2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдлээ. Хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа боловч Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас ядуурал хот суурин газарт нэмэгджээ. Хот суурин газарт амьдарч буй ядуучуудын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол 2018 онд 63.5 болсон бөгөөд Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдарч байна.

Бүс нутгийн хувьд авч үзэхэд Зүүн бүсэд ядуурал 6.6 пунктээр, Баруун бүсэд 4.3 пунктээр, Хангайн бүсэд 2.7 пунктээр, харин Төвийн бүсэд ядуурлын түвшин 0.7 пунктээр буурсан бол Улаанбаатар хотод 1.1 пунктээр нэмэгджээ.

 

Ядуурлын түвшинг аймгаар харвал хамгийн өндөр нь Говьсүмбэр аймаг байгаа бөгөөд хүн амын талаас илүү нь буюу 51.9 хувь нь ядуу амьдардаг бол Говь-Алтай аймагт 45.1 хувь, Дорнод аймагт 42.5 хувь, Ховд аймагт 40.9 хувьтай гарлаа. Харин ядуурлын түвшин Өмнөговь аймагт хамгийн бага буюу 11.8 хувь байна.

Ядуу хүн амын тоогоор авч үзвэл, ядуу хүн амын ихэнх нь буюу 378.2 мянган хүн нь Улаанбаатар хотод амьдарч байгаа нь ядуу хүн амын тоогоороо удаалж буй Өвөрхангай аймгаас (40.9 мянган ядуу хүн) бараг 10 дахин их байна.

Энэ нь эдийн засгийн бага зэргийн өсөлт ч хүн амыг ядуурлаас гаргаж чадахыг, нөгөө талаас нийгэм, эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон тооны иргэд ядууралд гулсан орох эмзэг байдалд байгааг харуулжээ.

ҮСХ болон Дэлхийн банкны хамтран тооцсон ядуурлын тооцоогооор Төв аймгийн  хүн амын ядуурлын түвшин  2018 онд 20.5 хувь болж улсын дунджаас 7.9 пунктээр, төвийн бүсийн аймгуудын дунджаас 5.6 пунктээр тус бүр доогуур гарлаа.

Ойлголт, тодорхойлолт:

Ядуурлын шугамыг үндсэн хэрэгцээний зардлын аргыг ашиглан Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2010 оны үр дүнд үндэслэн тооцсон. Ядуурлын шугам нь нэг хүнд хоногт шаардлагатай 2100 калорийн илчлэг бүхий хүнсний бүтээгдэхүүн болон наад захын хүнсний бус бусад бараа, үйлчилгээг худалдан авахад шаардагдах зардал юм. Үндэсний ядуурлын шугамыг зөвхөн судалгаа хоорондох үнийн индексээр индексжүүлэн шинэчилдэг бөгөөд 2018 оны нэг хүнд сард ногдох ядуурлын шугам 166'580 төгрөг байна.

Ядуурлын хамралтын хүрээний индекс буюу ядуурлын түвшин нь нийт хүн амд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувийг харуулна.

Ядуурлын гүнзгийрэлтийн индекс нь ядуу бус хүн амыг ядуурлын шугамаас 0 хувийн зөрүүтэй гэж үзвэл хүн тус бүрийн хэрэглээний дундаж түвшин ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлнэ.

Ядуурлын мэдрэмжийн индекс нь ядуу хүн амын дундах тэгш бус байдлыг хэмждэг. Энэ үзүүлэлтийг тооцохдоо ядуурлын гүнзгийрэлтийг квадрат зэрэгт дэвшүүлдэг бөгөөд ядуурлын шугамаас хол байх тусам илүү ихээр жигнэнэ гэсэн үг юм.  

 


Сэтгэгдэл бичих