ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2019 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2019 он 08 сар 16. 01 цаг 56 минут

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 194.4 (18.4%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 121.2 (21.7%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 (39.8%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны 2 дугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.9 (9.6%) мянган төгрөгөөр өслөө.  Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 2 дугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 203.5 (18.5%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 159.4 (19.3%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны  2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого аймгийн төвд 1.13 сая төгрөг,  сумын төвд 1.06 сая төгрөг, хөдөөд 991.6 мянган төгрөг боллоо.

 

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2019 оны 2 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 105.9 (9.6%) мянган төгрөгөөр өслөө.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош орлоготой өрх 38.5 мянгаар, 300001-500000 төгрөгийн орлоготой өрх 20.9  мянгаар буурсан бол 1600001-2100000 төгрөгийн орлоготой өрх 24.6 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш орлоготой өрх 39.9 мянгаар нэмэгдлээ. 

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош зарлагатай өрх 26.8 мянгаар, 300001-500000 төгрөгийн зарлагатай өрх 37.8 мянгаар буурсан бол 1600001-2100000 төгрөгийн зарлагатай өрх 20.7 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш зарлагатай өрх 46.3 мянгаар нэмэгдлээ.

Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага аймгийн төвд 1.24 сая төгрөг, сумын төвд 1.17 сая төгрөг, хөдөөд 1.04 сая төгрөг боллоо.

2019 оны 2 дугаар улиралд Төвийн бүсийн нийт өрхийн дундаж орлого 1.28 сая төгрөг, үүнээс цалин хөлстэй ажил эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.27 сая төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.86 сая төгрөг боллоо. 

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ БАЙДАЛ

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 74.9 хувь, Зүүн бүсэд 1.0 дахин, Төвийн бүсэд 86.3 хувь, Улаанбаатар хотод 81.8 хувь, Хангайн бүсэд 64.2 хувь, Баруун бүсэд 40.8 хувиар тус тус их гарлаа.

Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент 2019 оны 2 дугаар улиралд Төвийн бүсэд 0.341, Улаанбаатар хотод 0.337 болж, улсын дунджаас 0.004-0.008 нэгжээр их, Баруун, Хангай, Зүүн бүсэд 0.285-0.326 болж, улсын дунджаас 0.007-0.048 нэгжээр бага байна.

Улсын дунджаар Жини коэффициент өмнөх оны мөн үеэс 0.005 нэгж, өмнөх улирлаас 0.018 нэгжээр
нэмэгдлээ.

Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2019 оны 2 дугаар улиралд 0.193 болж, өмнөх оны мөн үеэс 0.012 нэгж, өмнөх улирлаас 0.027 нэгжээр нэмэгдлээ.

Хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ улсын хэмжээнд 2019 оны 2 дугаар улиралд 7.4 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.5 хувийг эзэлжээ.  Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин их байгааг харууллаа. Энэ харьцаа төвийн бүсэд 6,1 дахин их гарлаа

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:

 

Өрх: Ганц бие болон нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг хэлнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн холбоотой, хамаатан садан, зарим гишүүд нь огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно.
Жини коэффициент: Энэ хэмжигдэхүүн нь хүн амын хэрэглээний тэнцүү бус хуваарилалтыг илэрхийлсэн коэффициент юм. Жини коэффициент нь (0-1)-ийн хооронд утга авах бөгөөд нэг гэсэн утганд ойртох тусам хэрэглээний тэгш бус байдал өндөр, харин 0-тэй тэнцүү бол орлогын хуваарилалтанд ялгаа байхгүй байгааг илэрхийлнэ.
Тейлийн индекс: Энэ нь орлогын ялгаатай бүлгүүдийн хувьд тэгш бус байдлыг илэрхийлэх тухайн бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулна.
Өрхийн мөнгөн орлого: Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого болон бусад орлогоос бүрдэнэ.
Өрхийн мөнгөн зарлага: Өрхийн хүнсний бүтээгдэхүүн, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусдад өгсөн бэлэг, тусламж, бусад зарлага багтана.
Нэг өрхийн сарын дундаж орлого, зарлага: Өрхийн нийт орлого (зарлага)-ыг өрхийн мөнгөн орлого (зарлага) дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнг нэмж тодорхойлно. Нэг өрхөд ногдох дундаж үзүүлэлтийг улирлын турш судалгаанд
хамрагдсан өрхүүдийн сарын дунджаар нийт өрхөд тархаан тооцож байна.

 


Сэтгэгдэл бичих