Байшин орон сууцны тооллогын сургалт боллоо

Нийтэлсэн: 2019 он 09 сар 23. 10 цаг 51 минут


БАЙШИН, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ТӨВ АЙМГИЙН ТООЛОГЧ НАРЫН  СУРГАЛТ 2019 ОНЫ 09 САРЫН 19-21-НЫ ӨДРҮҮДЭД  АЙМГИЙН ТӨВД  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Байшин, орон сууцны тооллогын удирдлага зохион байгуулалт, ойлголт үзүүлэлт, программын ажиллагааны талаарх сургалтуудыг тоологч нарт өглөө.  Сургалтыг аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон зохион байгуулан, хэлтсийн мэргэжилтэн Ш.Ариунаа, Б.Энхтүвшин, зохион байгуулагч О.Ууганцэцэг, С.Эрдэнэтуяа нар хичээлийг зааж, 27 суманд ажиллах нийт 43 тоологч оролцлоо.

Байшин, орон сууцны 2019 оны тооллого нь улс хоршооллын байгууллагаас 1960 онд хийгдсэн орон сууцны фондын тооллогоос хойш анх удаа зохион байгуулагдаж байгаагийн зэрэгцээ хаягийн зурагт суурилан газарзүйн мэдээллийн систем ашигласан, мэдээлэл цуглуулалтын шинэ арга ашигласан зэрэг онцлог талуудтай. Байшин, орон сууцны тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа хүн амьдран суух зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болоход оршино.

Байшин, орон сууцны суурь тооллогыг дэлхийн ихэнх улс орнууд хаягийн бүртгэлд суурилан явуулж байна. Монгол Улсын хувьд орон сууц болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Барилга, хот байгуулалтын яамны харьяа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хаягийн зургийг Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор баталсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-д нийцүүлэн улсын хэмжээнд хийж гүйцэтгээд байгаа юм. Иймд шинээр бий болсон хаягийн мэдээлэлд тулгуурлан үндэсний хэмжээнд тулгамдаж байгаа мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс Байшин, орон сууцны тооллогыг хийх нь зүйтэй гэж үзсэн.

 


Сэтгэгдэл бичих