БОСТ-2019 урьдчилсан дүн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 13. 07 цаг 31 минут

Хүн ам орон сууцны 2020 оны улсын тооллогын хүрээнд Байшин орон сууцны тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулсан. Байшин, орон сууцны тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа хүн амьдран суух зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болоход оршино. 
Ингэснээр орон сууцны хангамжийг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийг оновчтой боловсруулахад шаардагдах тоо мэдээллийг бүрдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход хэрэгцээтэй анхдагч мэдээллийг бүрдүүлэхэд хаягт суурилсан Байшин, орон сууцны тооллого ихээхэн ач холбогдолтой юм. 

Уг тооллогыг манай аймагт 2019 оны 9-р сарын 24-өөс 10-р сарын 12-ы хооронд хийж тооллогын урьдчилсан дүн  11-р сарын 12-нд гарав. Байшин, орон сууцны тооллогын нэгжид хүн амьдрах зориулалттай дараах байр, орон сууцыг хамруулсан.

  1. Бүх төрлийн гэр-9762
  2. Сууцны тусдаа байшин-7010
  3. Бие даасан тохилог сууц-333
  4. Нийтийн зориулалттай орон сууцны байшин-232
  5. Нийтийн байр-119

Байшин, орон сууцны тооллогыг Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 4.1-д заасан “тооллогын хугацаанд тооллогын нэгжийг нэг бүрчлэн тоолох уламжлалт арга”-аар явуулсан. Өөрөөр хэлбэл, тооллогын мэдээлэл цуглуулалтыг зөөврийн төхөөрөмж (таблет)-д суурилсан асуулгаар бүсчилсэн байдлаар сууц болгоны мэдээллийг авах аргаар зохион байгуулсан.

Монгол Улсад хүн амьдрах зориулалттай сууц нэг бүрийг тоолсон. Мөн хүн амын амьдарч байгаа сууцны нөхцөл ямар байгааг тодорхойлох, сууцны насжилт, хана, шал болон дээврийн материал, дэд бүтцийн талаарх мэдээллийг сууц болгоноор нарийвчлан гаргах боломж бүрдсэн.

Төвийн бүсэд тоологдсон хүн байнга амьдардаг нийт сууцны 22.1 хувь нь Сэлэнгэ аймагт, 21.8 хувь нь Төв, 16.8 хувь нь Өмнөговь, 13.1 хувь нь Дорноговь, 12.7 хувь нь Дундговь, 10.8 хувь нь Дархан-Уул, 2.7 хувь нь Говьсүмбэр аймгуудад тус тус тоологдсон байна. Нийт тоологдсон бүх сууцны хүн байнга амьдардаг сууцнаас сууцны насжилт, нөхцөл, дэд бүтэц зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг асууж тоолсон болно.

Байшин сууцны ханын үндсэн материалын дийлэнхийг буюу 93.3 хувийг блок, тоосго, мод эзэлж байгаа бол ханын өнгөлгөө, гадна фасадны материалын 74.2 хувийг цементэн шавардлага, тоосго эзэлжээ.

Гэр сууцны 66.2 хувь нь шалгүй, 24.1 хувь нь модон шалтай, 7.0 хувь нь цементэн шалтай, 2.7 хувь нь бусад төрлийн шалтай байна. Харин байшин сууцны 58.9 хувь нь бетон/цемент, 40.3 хувь нь модон шалтай, 0.8 хувь нь бусад төрлийн шалтай.

Тоологдсон нийт сууцны 99.8 хувь нь цахилгааны эх үүсвэрт холбогдсон, үүнээс 74.4 хувь нь төвлөрсөн системд, 24.1 хувь нь сэргээгдэх эрчим хүч, 1.3 хувь нь бага оврын цахилгаан үүсгүүр, 0.1 хувь нь дизель станцад холбогдсон цахилгааны эх үүсвэртэй.

Төвийн бүсийн нийт сууцны 86.7 хувь нь ердийн галлагаа, 5.3 хувь нь нам даралтын зуух, 6.8 хувь нь төвлөрсөн систем, үлдсэн 1.2 хувь нь бусад төрлийн халаалтын эх үүсвэртэй байна. Үүнийг сууцны төрлөөр харвал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн хувьд 89.3 хувь нь төвлөрсөн системд холбогдсон халаалтын эх үүсвэртэй, 5.5 хувь нь нам даралтын зуухаар халдаг байна. Харин гэр сууцны хувьд 99.6 хувь нь ердийн галлагаагаар, 0.4 хувь нь цахилгаан халаагуураар халаалтын эх үүсвэрээ шийджээ. Байшин сууцны хувьд 75.7 хувь нь ердийн галлагаа, 11.3 хувь нь нам даралтын зуух, 11.1 хувь нь төвлөрсөн системд холбогдсон халаалтын эх үүсвэртэй.  

Тоологдсон нийт сууцны 89.3 хувь нь бие засах газартай, 10.7 хувь нь бие засах тогтсон газаргүй гэж хариулжээ. Үүнийг сууцны төрлөөр харвал гэр сууцны 20.0 хувь нь тогтсон газаргүй байна. Нийт бие засах газартай гэж хариулсан сууцыг бие засах газрын төрлөөр ангилан харвал 87.8 хувь нь энгийн нүхэн жорлон, 2.6 хувь нь сайжруулсан нүхэн жорлон, 5.4 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон бие засах газар, үлдсэн 4.2 хувь нь бусад төрлийн бие засах газартай.

Төвийн бүсэд тоологдсон сууцны тусдаа байшингийн 66.3 хувь нь 3 саяас 30 сая хооронд үнэлгээтэй байгаа бол бие даасан тохилог сууцны 84.3 хувь нь 41 саяас дээш төгрөгийн үнэлгээтэй.

Тоологдсон нийт гэр сууцны 6.2 хувь нь 1 сая төгрөгийн үнэлгээтэй, 32.1 хувь нь 1.1 саяас 2 сая төгрөгийн үнэлгээтэй, 31.1 хувь нь 2.1 саяас 3 сая төгрөгийн үнэлгээтэй, 22.8 хувь нь 3-5 сая төгрөгийн үнэлгээтэй гэрүүд, 7.8 хувь нь 5 саяас дээш төгрөгийн үнэлгээтэй байна. Гэрийн зах зээлийн үнэлгээг гэрийн ханын тоогоор харвал, 1 сая төгрөгийн үнэлгээтэй гэр сууцнуудын 53.0 хувь нь 4 ханатай гэр, 1-2 сая төгрөгийн үнэлгээтэй гэрүүдийн 97.1 хувь нь 4-5 ханатай гэр, 2 саяас дээш төгрөгийн үнэлгээтэй гэрүүдийн дийлэнх хувь нь 5 ханатай гэр юм.

Төвийн бүсэд тоологдсон нийтийн зориулалттай орон сууцны байшингийн 1 м2 талбайн зах зээлийн үнэлгээг интервалаар харвал 62.8 хувь нь 500 мянган төгрөгөөс 1 сая төгрөгийн үнэлгээтэй байна. Эндээс урьдчилсан дүнтэй дэлгэрэнгүй танилцана уу.

 

 

 

 


Сэтгэгдэл бичих