ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2019 оны 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2019 он 11 сар 28. 13 цаг 11 минут

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.2 (17.6%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 106.1 (18.0%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 51.1 (53.3%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны 3 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 84.8 (7.9%) мянган төгрөгөөр өслөө.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 3 дугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 200.4 (17.8%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 168.2 (19.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого аймгийн төвд 1.17 сая төгрөг,  сумын төвд 1.06 сая төгрөг, хөдөөд 967.8 мянган төгрөг боллоо.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2019 оны 3 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.1 (8.1%) мянган төгрөгөөр өслөө.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош орлоготой өрх 34.1 мянгаар, 500001-700000 төгрөгийн орлоготой өрх 28.4 мянгаар буурсан бол 1100001-1600000 төгрөгийн орлоготой өрх 18.7 мянгаар, 1600001-2100000 төгрөгийн орлоготой өрх 45.1 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш орлоготой өрх 33.4 мянгаар нэмэгдлээ. 

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош зарлагатай өрх 17.2 мянгаар, 300001-500000 төгрөгийн зарлагатай өрх 42.3 мянгаар буурсан бол 1100001-1600000 төгрөгийн зарлагатай өрх 18.8 мянгаар, 1600001-2100000 төгрөгийн зарлагатай өрх 44.3 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш зарлагатай өрх 40.1 мянгаар нэмэгдлээ.

Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага аймгийн төвд 1.32 сая төгрөг, сумын төвд 1.19 сая төгрөг, хөдөөд 1.04 сая төгрөг боллоо.

2019 оны 3 дугаар улиралд Төвийн бүсийн нийт өрхийн дундаж орлого 1.26 сая төгрөг, үүнээс цалин хөлстэй ажил эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.36 сая төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.6 сая төгрөг боллоо. 

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ БАЙДАЛ

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ 2019 оны 3 дугаар улиралд амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 82.3 хувь, Зүүн бүсэд 2.1 дахин, Улаанбаатар хотод 90.8 хувь, Төвийн бүсэд 87.7 хувь, Хангайн бүсэд 71.9 хувь, Баруун бүсэд 49.5 хувиар тус тус их  гарлаа.

Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент 2019 оны 3 дугаар улиралд Улаанбаатар хотод 0.323, Зүүн бүсэд 0.330 болж, улсын дунджаас 0.001-0.008 нэгжээр их, Төв, Баруун, Хангайн бүсэд 0.308-0.312 болж, улсын дунджаас 0.010-0.014 нэгжээр бага байна.

Улсын дунджаар Жини коэффициент өмнөх оны мөн үе болон өмнөх улирлаас тус тус 0.011 нэгжээр буурлаа.

Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2019 оны 3 дугаар улиралд 0.173 болж, өмнөх оны мөн үеэс 0.013 нэгж, өмнөх улирлаас 0.020 нэгжээр буурлаа.

Хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ улсын хэмжээнд 2019 оны 3 дугаар улиралд 7.9 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 39.8 хувийг эзэлжээ. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.0 дахин их байгааг харууллаа.

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:

 

Өрх: Ганц бие болон нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг хэлнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн холбоотой, хамаатан садан, зарим гишүүд нь огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно.
Жини коэффициент: Энэ хэмжигдэхүүн нь хүн амын хэрэглээний тэнцүү бус хуваарилалтыг илэрхийлсэн коэффициент юм. Жини коэффициент нь (0-1)-ийн хооронд утга авах бөгөөд нэг гэсэн утганд ойртох тусам хэрэглээний тэгш бус байдал өндөр, харин 0-тэй тэнцүү бол орлогын хуваарилалтанд ялгаа байхгүй байгааг илэрхийлнэ.
Тейлийн индекс: Энэ нь орлогын ялгаатай бүлгүүдийн хувьд тэгш бус байдлыг илэрхийлэх тухайн бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулна.
Өрхийн мөнгөн орлого: Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого болон бусад орлогоос бүрдэнэ.
Өрхийн мөнгөн зарлага: Өрхийн хүнсний бүтээгдэхүүн, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусдад өгсөн бэлэг, тусламж, бусад зарлага багтана.
Нэг өрхийн сарын дундаж орлого, зарлага: Өрхийн нийт орлого (зарлага)-ыг өрхийн мөнгөн орлого (зарлага) дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнг нэмж тодорхойлно. Нэг өрхөд ногдох дундаж үзүүлэлтийг улирлын турш судалгаанд
хамрагдсан өрхүүдийн сарын дунджаар нийт өрхөд тархаан тооцож байна.

 


Сэтгэгдэл бичих