ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2019 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2020 он 02 сар 17. 03 цаг 50 минут

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 173.2 (14.4%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2019 оны 4 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.0 (8.8%) мянган төгрөгөөр өсжээ.

Өрхийн сарын дундаж нийт орлогын 91.7 хувийг мөнгөн орлого, 4.4 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 3.9 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзлэв. Өрхийн сарын дундаж нийт орлогын бүтэцэд мөнгөн орлого аймгийн төв 95.1, сумын төв 88.1, хөдөө 78.9 хувийг; бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн аймгийн төв 3.5, сумын төв 5.7, хөдөө 3.8 хувийг; өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн  аймгийн төв 1.4, сумын төв 6.4, хөдөө 17.3 хувийг тус бүр эзлэв. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого 54.4 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 10.5 хувь, бусад орлого 9.5 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.3 хувийг тус тус эзэлжээ. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого аймгийн төв 49.6, сумын төв 42.7, хөдөө 9.7 хувийг;  тэтгэвэр, тэтгэмжийн орлого аймгийн төв 19.4, сумын төв 19.6, хөдөө 15.1 хувийг; хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого аймгийн төв 5.2, сумын төв 8.9, хөдөө 49.1 хувийг; бусад орлого аймгийн төв 10.6, сумын төв 3.9, хөдөө 4.4 хувийг; хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого аймгийн төв 10.3, сумын төв 9.0, хөдөө 0.6 хувийг тус тус эзэлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2019 оны 4 дүгээр улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150.4 (13.5%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 86.8 (14.5%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.6 (25.0%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн үзвэл, 2019 оны 4 дүгээр улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх улсын хэмжээнд нийт өрхийн 3.9 хувь, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 13.0 хувь, 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 12.7 хувь, 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 14.0 хувь, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 11.5 хувь байна. Харин 1100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 44.9 хувь байна. Хот, хөдөөгөөр нь авч үзвэл, хотын нийт өрхийн 52.7 хувь, хөдөөгийн нийт өрхийн 30.7 хувь нь 1100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой байна.

Улсын хэмжээнд 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар сард 500.0 мянган төгрөг хүртэлх мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 19.2 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 52.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 16.7 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 3.6 хувь, бусад орлого 8.2 хувийг эзэлжээ. Мөн сард 1600.0 мянган төгрөгөөс дээш мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 59.2 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 8.9 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.4 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 9.7 хувь, бусад орлого 12.8 хувийг тус тус эзлэв.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 206.8 (16.7%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2019 оны 4 дүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.0 (11.0%) мянган төгрөгөөр өсжээ.

Өрхийн нийт зарлагыг өрхийн мөнгөн зарлага, өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлдог. 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж зарлагын 92.1 хувийг мөнгөн зарлага, 4.2 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 3.7 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний зарлага эзэлжээ. 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт зарлагын бүтэцэд мөнгөн зарлага аймгийн төв 95.5, сумын төв 89.7, хөдөө 79.9 хувийг; бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн аймгийн төв 3.2, сумын төв 4.9, хөдөө 3.6 хувийг; өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн аймгийн төв 1.3, сумын төв 5.4, хөдөө 16.5 хувийг тус бүр эзэлжээ. 

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 68.1 хувь, хүнсний бүтээгдэхүүний зарлага 20.5 хувь, бусад зарлага 9.5 хувь, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 1.9 хувийг тус тус эзэлжээ. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага аймгийн төв 64.2, сумын төв 62.9, хөдөө 53.9 хувийг; хүнсний бүтээгдэхүүний зарлага аймгийн төв 21.1, сумын төв 15.9, хөдөө 10.3 хувийг; бусад зарлага аймгийн төв 8.6, сумын төв 9.4, хөдөө 11.5 хувийг; бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага аймгийн төв 1.6, сумын төв 1.5, хөдөө 4.2 хувийг тус тус эзэлжээ.
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 184.0 (16.0%) мянган төгрөгөөр өслөө.
Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 145.7 (19.2%) мянган төгрөг, хүнсний бүтээгдэхүүний зарлага 25.2 (10.2%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Улсын хэмжээнд сард 500.0 мянган төгрөг хүртэлх мөнгөн зарлагатай өрхийн дундаж зарлагын бүтцийг авч үзвэл, хүнсний бүтээгдэхүүний зарлага 31.0 хувь, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 50.7 хувь, бусад зарлага 17.1 хувь, бусдад өгсөн бэлэг, тусламж 1.2 хувийг эзэлжээ.
Мөн сард 1600.0 мянган төгрөгөөс дээш мөнгөн зарлагатай өрхийн дундаж зарлагын бүтцийг авч үзвэл, хүнсний бүтээгдэхүүний зарлага 15.3 хувь, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 75.1 хувь, бусад зарлага 7.6 хувь, бусдад өгсөн бэлэг, тусламж 2.0 хувийг тус тус эзэлжээ.

 

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:

Өрх: Ганц бие болон нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг хэлнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн холбоотой, хамаатан садан, зарим гишүүд нь огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно.
Өрхийн мөнгөн орлого: Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого болон бусад орлогоос бүрдэнэ.
Өрхийн мөнгөн зарлага: Өрхийн хүнсний бүтээгдэхүүн, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусдад өгсөн бэлэг, тусламж, бусад зарлага багтана.
Нэг өрхийн сарын дундаж орлого, зарлага: Өрхийн нийт орлого (зарлага)-ыг өрхийн мөнгөн орлого (зарлага) дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнг нэмж тодорхойлно. Нэг өрхөд ногдох дундаж үзүүлэлтийг улирлын турш судалгаанд
хамрагдсан өрхүүдийн сарын дунджаар нийт өрхөд тархаан тооцож байна.


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам (урьдчилсан гүйцэтгэл)
91 941
Төрсөн хүүхдийн тоо
2 294
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
1 573
Бүртгүүлсэн шилжин явагчид
1 935
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1 126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
688,8 тэрбум төгрөг (урьдчилсан гүйцэтгэл)

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо