ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2019 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2020 он 02 сар 17. 09 цаг 09 минут

Ажиллах хүчний судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч юм. Ажиллах хүчний оролцооны түвшин 60.7 хувь бөгөөд хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 69.0 хувь, эмэгтэйчүүдийнх 53.2 хувь байна. Хөдөлмөрийн нөөцөд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 55.7 хувь байна. Хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүд 62.4 хувь, эмэгтэйчүүд 49.7 хувь байна.

Ажиллах хүчний 1.2 (91.9%) сая нь ажиллагчид, тэдгээрийн 11.1 (0.9%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна. Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 838.5 (39.3%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам, тэдгээрийн 58.0 (6.9%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүчинд багтаж байна.

Нийт ажиллагчдын 623.9 мянга (52.5%) нь үйлчилгээний, 310.0 мянга (26.1%) нь хөдөө аж ахуйн, 254.5 мянга (21.4%) нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаа.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар авч үзэхэд хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 12.9 хувь, ажилгүйдлийн түвшин 8.1 хувь байна. Харин ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 12.1 хувь, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин 9.0 хувь байна.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүдийг 15-24 насныхан ( боловсрол, сургалтын дараах хөдөлмөрийн зах зээлд шинээр орж байгаа залуучууд), 25-аас 54 насныхан (ерөнхий ажиллах хүчний насныхан) болон 55-64 насныхан (тэтгэвэрт гарахад ойрхон байгаа), 65 ба түүнээс дээш насны гэсэн насны 4 бүлгээр харуулав.

 

Ажиллах хүчний судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр аймгийн хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 49.6 мянга нь ажиллах хүч юм. Ажиллагчид 47.8 мянга, үүнээс цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 0.2 мянга. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 16.3 мянга, үүнээс боломжит ажиллах хүч 1.2 мянга, бусад ажиллах хүчнээс гадуурх хүн ам 15.1 мянга боллоо. Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2019 оны 4 дүгээр улиралд аймгийн хэмжээнд 75.3 хувь (улсын дундаж 60.7%) болж өмнөх улирлаас 13.1 пунктээр өсч, өмнөх оны мөн үеэс 3.3 пунктээр буурлаа. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2019 оны 4 дүгээр улиралд 3.8 хувь (улсын дундаж 8.1%) болж, өмнөх улирлаас 0.9 пунктээр, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр тус бүр өслөө.

Аймгийн хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар авч үзэхэд хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 6.4 хувь, ажилгүйдлийн түвшин 3.8 хувь харин ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 6.0 хувь, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин 4.1 хувьтай гарлаа.

 

Ойлголт, тодорхойлолт:
Үндэсний Статистикийн хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А-09/08 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох шинэчилсэн аргачлал"-ыг 2019 оны 1 дүгээр сараас мөрдөж байна. Үүнтэй уялдуулан хөдөлмөрийн статистикийн үндсэн үзүүлэлтийн мэдээллийн гол эх үүсвэр болох Ажиллах хүчний судалгааг шинэ ойлголт тодорхойлолт, аргачлалын дагуу явуулж байна.
Хөдөлмөрийн насны хүн ам гэж 15, түүнээс дээш насны хүн амыг хэлнэ. Хөдөлмөрийн насны хүн амыг ажиллах хүч болон ажиллах хүчнээс гадуурх хүн ам гэж ангилна (заалт 15, 65, ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол-I).

Ажиллах хүч гэж тухайн хугацаанд зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэлбэрийн хүрээнд, цалин хөлс, орлого олох зорилгоор бусдын хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд хүч хөдөлмөрөө нийлүүлж байгаа ажиллагчид болон нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй хүн юм (заалт 11, 16, ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол-I).
Ажиллах хүчнээс гадуурх хүн ам гэж сургуульд суралцаж байгаа, гэрийн ажилтай, өндөр настан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, хөгжлийн бэрхшээлтэй болон ажил хайх итгэл алдарсан зэрэг шалтгаанаар тухайн хугацаанд ажиллах хүчинд хамаарахгүй хөдөлмөрийн насны хүн амыг ойлгоно.
Ажиллах хүчнээс гадуурх хүн амаас энэ боломжит ажиллах хүчийг тодорхойлно. Мөн ажиллах хүч болон боломжит ажиллах хүч хоёрын нийлбэрээр өргөтгөсөн ажиллах хүч илэрхийлэгдэнэ (заалт 16,55, ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол-I).
Ажиллагч гэж зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэлбэрийн хүрээнд, цалин хөлс, орлого олох зорилгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж буй хөдөлмөрийн насны хүнийг хэлнэ.
Хөдөлмөр эрхлэгчдийг ажлын байрандаа байгаа болон түр эзгүй байгаа гэж хоёр бүлэгт хувааж авч үзнэ (заалт 27, ОУХС-ын 19-р бага хурлын тогтоол-I).
Хөдөлмөрийн дутуу ашиглалт гэж хөдөлмөрийн нийлүүлэлт болон эрэлтийн зөрүү буюу хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ хангагдахгүй байхыг ойлгоно (заалт 40, 42 ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол). Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг дараах үзүүлэлтээр хэмжинэ. Үүнд:
Цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч гэж тухайн хугацаанд хөдөлмөр эрхэлж буй ажиллагчийн бүх ажлынх нь ажлын цаг нь үндэсний хууль тогтоомжид заасан босго цагаас бага бөгөөд өөр ажил хийх хүсэлтэй, нэмэлт цагаар ажиллахад бэлэн байгаа хүнийг ойлгоно. Босго цаг гэдгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 7 хоногийн ажлын 40 цагаар авч үзнэ (заалт 43 ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол).
Ажилгүй хүн гэж сүүлийн 7 хоногт хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэх зорилгоор ажил хайж байгаа болон ажил хийхэд бэлэн байгаа хөдөлмөрийн насны хүн юм (заалт 47 ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол).

а. хөдөлмөр эрхлээгүй гэж тухайн хугацаанд буюу сүүлийн 7 хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн ажил хийгээгүй, ажиллагч гэдэг тодорхойлолтод хамаарахгүй байхыг;
б. ажил хийхэд бэлэн гэж тухайн хугацаанд буюу сүүлийн 7 хоногт эсвэл тухайн хугацаанаас хойш ирэх хоёр долоо хоногт ажил хийж эхлэхэд бэлэн байхыг;
в. ажил хайж байгаа гэж сүүлийн дөрвөн долоо хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн хэлбэрээр ажил хайсан эсвэл хувийн бизнес эхлүүлэх оролдлого хийсэн хүн юм.
Ажил хайх гэдгийг ажилд зуучлах төрийн болон хувийн байгууллагад бүртгүүлэх, ажлын байрны талаар мэдээлэл авч ажил олгогчтой холбогдсон, ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих гэх мэт ажил олох оролдлого идэвхтэй хийхийг ойлгоно. Харин ажлын байрны талаар мэдээлэл авсан ч ажил олгогчид хандаагүй бол идэвхтэй оролдлого хийсэн гэж үзэхгүй.
Боломжит ажиллах хүч гэж цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхлэхийг сонирхож байгаа боловч тодорхой нөхцөл байдлын улмаас ажил хайх оролдлого нь хязгаарлагдсан эсвэл шууд ажил хийх боломжгүй байгаа, тухайн хугацаанд хөдөлмөр эрхлээгүй хүн юм (заалт 40с, 51, ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол). Боломжит ажиллах хүчинд дараах хүмүүсийг хамааруулна. Үүнд:
a. ажил хайгч буюу ажил хайх оролдлого хийж байсан ч тухайн хугацаанд ажил хийхэд бэлэн биш, боломжгүй байгаа хүн;
б. Ажил хайгаагүй ч ажил хийх боломжтой хүн буюу ажил хайх оролдлого хийгээгүй ч ажил хийх хүсэлтэй, ажил хийхэд бэлэн байгаа хүн.
Ажиллах хүч: Тухайн хугацаанд хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчээ нийлүүлж байгаа ажиллагчид болон нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй хүний тооны нийлбэрээр тооцно.
Ажиллах хүч = Ажиллагчид + Ажилгүй хүн
Өргөтгөсөн ажиллах хүч: Ажиллах хүч болон боломжит ажиллах хүчний тооны нийлбэрээр тооцно.
Өргөтгөсөн ажиллах хүч = Ажиллах хүч + Боломжит ажиллах хүч
Ажиллах хүчний оролцооны түвшин: Ажиллах хүчний тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулж тооцно.


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам (урьдчилсан гүйцэтгэл)
91 941
Төрсөн хүүхдийн тоо
2 294
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
1 573
Бүртгүүлсэн шилжин явагчид
1 935
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1 126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
688,8 тэрбум төгрөг (урьдчилсан гүйцэтгэл)

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо