Дэлхийн статистикийн гурав дахь өдрийг 2020 оны 10 дугаар сарын 20-нд "НАЙДВАРТАЙ ТОО, МЭДЭЭЛЛЭЭР ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХОЛБОЕ" уриатай тэмдэглэнэ
Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад албан ёсны статистикийн ач холбогдол, үүрэг нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр чухал болж байгаа энэ үед Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэх гэж байна. Дэлхийн статистикийн өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2010 оны 64/267 тоот тогтоолын дагуу анх 2010 оны 10 сарын 20-ны өдөр тэмдэглэж, 130 гаруй гишүүн улс, 40 орчим олон улсын болон бүс нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, олон төрлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ. НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2015 оны 6-р сард 69/282 тоот тогтоол гаргаж, Дэлхийн статистикийн өдрийг 5 жил тутамд 10 дугаар сарын 20-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Дэлхийн статистикийн хоёр дахь өдрийг 2015 оны аравдугаар сарын 20-нд 130 гаруй улс оронд "САЙН МЭДЭЭЛЭЛ, САЙХАН АМЬДРАЛ" уриатай тэмдэглэжээ. Өгөгдөл улам их чухал үүрэг гүйцэтгэдэг болсон энэ эрин үед бидний гаргаж буй тогтвортой эх үүсвэр бүхий найдвартай өгөгдөл нь ертөнцийг холбох үндэс суурь болдог. НҮБ-ын Статистикийн комиссын 51 дүгээр хуралдаанаар Дэлхийн статистикийн гурав дахь өдрийг 2020 оны 10 дугаар сарын 20-нд "НАЙДВАРТАЙ ТОО, МЭДЭЭЛЛЭЭР ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХОЛБОЕ" уриатай тэмдэглэхээр зарласан юм.
Сэтгэгдэл бичих